Мэндчилгээ
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм зочин таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны гэр бүл, амьдралын эргэн тойронд өсч торнин буй хүүхэд багачууд, цэцэглэн дэлбээлж буй залууст чиглэсэн төрийн бодлогыг Сүхбаатар аймгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй манай хамт олон мэндчилж байна.
Манай байгууллага нь Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэх хуучин нэрээр бол дан ганц хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал, Гэр бүлийн асуудалд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг байлаа. Харин өнөөдөр төр анх удаа гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлыг хамтад нь бодлогын түвшинд оруулж ирсэн онцгой цаг үе. Тулгын гурван чулуу шиг гэр бүл, хүүхэд, залуучууд гэх нийгмийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэгчдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шинэ үүрэгтэйгээ уялдан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн бүтцэд Гэр бүлийн эрх зүй хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Залуучуудын хөгжил, соёл боловсрол хариуцсан мэргэжилтэн, Зорилтот өрхийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зэрэг бүтэц орон тооны хувьд өөрчлөлт оруулж Аймгийнхаа нийт өрх гэр бүл, тэдний үр хүүхэд, залуучуудруу чиглэсэн бодлого баримталж соёл урлаг, спорт, амьдрах ухаан, Гэр бүлийн болоод хүүхдийн эрх, хамгаалал, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль мөн архидан согтуурах, хорт зуршлийн хор хөнөөлийн талаарх сургалт лекцийг ажлын гол чиг шугамаа болгон ажиллаж байна. Улс эх орон, нутаг ус маань хүний хөгжлөө нэн түрүүнд тавьж тэднийг хөгжих оролцох боломжоор хангахын төлөө манай байгууллагын хамт олон хичээн зүтгэж ажиллаж байна.
Манай хамт олон төрийн бодлого хэрэгжүүлэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд нэн тэргүүнд анхаарч байгаа юм. Нийгмийн 15 хувьд тохиолдож буй сөрөг үзэгдлийг 85 хувийн эерэг хандлагаар өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хүүхдийн оюун санааны өв тэгш эрүүл байдал, нийгэмшихүйн асуудал орхигдсоор байна. Энэ хандлагыг өвлүүлэх ёстой орчин нь гэр бүл, эцэг эх, өв тэгш гэр бүлээс өсч өндийсөн хүүхдүүд маргаашийн хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хүнлэг, ёс зүйтэй, зөв дадал хэвшилтэй, үндэсний өв соёл, уламжлалаа дээдэлсэн Монгол хүн болно. Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын чиг хандлага, туршлагаас судалж, дэлхийд давтагдахгүй Монгол ахуйтайгаа уялдуулан хэрэгжүүлэхэд эрхэм зочин таны ч оролцоо бий. Гэр бүл, хүүхэд, залуучууд гэх нийгмийн хамгийн мэдрэмтгий хүрээ маань өрх гэртэй, үр хүүхэдтэй, өсвөр залуу үетэй хүн бүрийг өөртөө хамруулахаас зайлшгүй. Тэр л хүн бүрийн дэмээр, идэвхээр гэрэл гэгээтэй нийгмийн аз жаргалтай хүүхэд багачууд, эрч хүчтэй залуус, тогтвортой гэр бүлийг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
ӨРХ ГЭР БҮЛ НЬ АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН
АЛДРАЙ БЯЦХАН ҮРС НЬ ИНЭЭД БАЯСЛААР ГЭРЭЛТСЭН
ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ БОЛСОН ОЮУТАН, ЗАЛУУСЫН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙГ
СҮХБААТАР АЙМГИЙН
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН
ГАЗРЫН ДАРГА О.БАЛЖИННЯМ
Comments
Post a Comment